Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

2012-01-24 11:28

Дашийн БЯМБАСҮРЭН: Монгол үндэстнээ эх орондоо ирэхийг уриалсан Ерөнхийлөгчийн үг баяр бахдал төрүүлж байна

Монгол Улсын Ерөн­хий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилц­лаа.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөөний хувьс­га­лын зуун жилийн ойн хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ монгол үндэстнээ эх орондоо урьсан.  Монгол төрийн өндөр албыг үүрэлцэж явсан хүний хувьд Ерөн­хийлөгчийн уриал­гыг хэрхэн хүлээж ав­сан бол оо. Яриагаа эндээс эхлэх үү?

-Хүндэтгэлийн чуул­ганд Ерөнхийлөгчийн хэл­сэн үгийг сонсоод на­дад нэг л зүйл бодогдож байлаа. Монголын тө­рийн тэргүүнүүд Их эзэн Чингэс хаанаасаа хойш ард түмэндээ хандаж ийм ухаалаг, гүн утга санааг агуулсан үг хэлсэн билүү. Улс орныхоо хувь заяа зам мөрийг харж, ард иргэдийнхээ ахуй амьд­ралыг олон талаас нь эргэцүүлсэн үнэхээр нэг монгол төрийн тэргүүн шиг, улс орны эзэн шиг үг хэлсэнд өвгөн би баяр­лаж сууна даа. Ерөнхий­лөгчийн хэлсэн үг ганцхан надад баяр төрүүлээд зогсохгүй түмэн олонд их сайхан сэтгэгдэл үлдээ­лээ. Элэг нэгтнүүдээ эх орондоо дуудсан уриал­га нь монголчуудын сэт­гэл зүрхийг огшоолоо.

Бид чинь 1952 оноос "Дархан манай хувьсгалт улс..." хэмээн төрийн дууллаа эхэлдэг байсан бол сүүлийн үед өөрчлөөд "Дархан манай тусгаар улс Даяар Мон­голын ариун голомт..." хэмээн дуулж байгаа. Монгол үндэстэн бүрэлдэн тогтож төрт улсаа бай­гуулсан гал голомт бол яах аргагүй өнөөгийн Монгол Улс л даа. Дэл­хий дээр бид нэг их олуулаа биш. Арван сая орчим гэж дуулддаг. Аль ч улс оронд аж төрж байгаа монгол үндэстэнд өөрийн эх оронд, өвөг дээдсийнхээ нутагт ирж аж тө­рөхсөн гэх чинадын хүсэл байдаг нь мэдээж. Хуучин тогтолцооны үед эх орондоо санасны зоргоор ирж чаддаггүй байсан болов уу. Өнөө­дөр монголчууд маань ардчиллын ач буянаар дэлхий дахинд нэртэй нүүртэй явна. Тиймийн учир дэл­хийн хаана ч аж төрж буй монгол үндэстэн олон Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улс гэдгийг сайн мэдэж байгаа.  Монголд очоод өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаанаар сайхан амьдрах боломжтой гэдгийг мэднэ. Мөн Монголын газрын баялаг олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгааг ч тэд судалж байгаа. Яг ийм торгон цагт Монгол Улсын Ерөнхийлөгч гүн утга бүхий үг хэлж, монгол үндэстнээ эх орон­доо урьсан нь жинхэнэ цагаа олсон явдал боллоо. Монголчууд бол хуваагдмал үндэстэн. Гэхдээ нэг айхтар үг бий. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж. Үнэхээр ч нутаг дэвсгэрийн хувьд гурав хуваагдсан тал бий.

1993 оны арванхоёрдугаар сард намайг Тайваньд очиход таван зуун арван найман монгол хүн байсан.

-Та тоог нь ямар сайн санаж байна аа?

-Тэд өвөг дээдсийнхээ өлгий нутагт очиж бие амрахсан гэнэ. Туулынхаа уснаас нэг амсаж цай чанахсан хэмээн хүсч тэмүүлж байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгд­сэн. Тэр цагаас хойш миний бие дэлхийн хаана ч аж төрж байгаа монголчууд маань ус нутгаа гэсэн сэтгэлээ гээгээгүй юм байна гэдгийг гүнзгий ойлгодог болсон. Түүнээс хойш хориод жил боллоо. Монгол орон ардчиллын замаар тууштай яваад өдий зэрэгт хүрлээ. Ерөн­хийлөгчийн уриалга нэг талаас монгол үндэстнийхээ хэл соёлыг бүрэн бүтэн авч үлдэхэд хэрэгтэй ч цаана нь олон утга агуулга байгаа.  Жишээлбэл, гадаадад байгаа мон­голчууд дэлхийн өндөр техно­логийг эзэмшсэн байх нь мэдээж. Тэд эх орондоо ирж Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй ажиллахад улс орон минь улам л хөгжиж таараа. 

-Улс орны цаашдын хөгжлийг та яаж харж байна. Хүн нэм­бэл хүнс нэмэгдэнэ гэсэн үгийг Ерөнхийлөгч иш татсан байсан?

-Элэг нэгтэн олон маань эх орондоо ирэхэд хүн бүр өөр соёлтой, өөр технологитой өөр ертөнцтэй ирэх нь мэдээж. Ингээд улс оронд шийдэгдээгүй байгаа асуудлыг шийдчихэж болох юм. Оюуны чадавхи, дэлхийн соёл гэж үнэт зүйл манайд шууд нэвтэрнэ шүү дээ. Хүмүүнлэг ёс, энэрэнгүй ёс талаасаа чухал. Монголчууд маань хил хязгаараар хэдий өөр ч элгээрээ нэг шүү дээ. Ерөнхийлөг­чийн эл уриалга нэг өдөр хэрэгжээд өнгөрөх биш. Магадгүй зуун жил үргэлжилж байж монголчууд маань төв рүүгээ, голомт руугаа ирж хүчээ нэгтгэх болов уу. Мэдээж төвөгтэй асуудал гарч таарна. Гол нь хоёр хөрштэйгээ найрамдалт харил­цаагаа эвдэхгүйгээр нөхцөл байдлаа сайтар ойлгуулах. Мөн дотооддоо үндэснийхээ эрх ашгийг хамгаалах зохион байгуулалтаа сайтар хийж байж асуудлыг шийд­вэрлэх байх аа. Дэлхийн монгол­чуудын анхдугаар чуулга уулзалт 1993 онд болсон юм. Социалист тогтолцооны хуучинсаг сэтгэхүй­гээр Хувьсгалт намынхан хандаж байсан. Хоёр хөрш ч сандралдаж л байсан. Харин өнөөдөр улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө монгол хэл, соёл гэдэг дэлхийн хүн төрөлхтний үнэт баялгийн нэгээхэн хэсэг юм гэдэг хандлагыг ойлгодог болж.

-Энэ дашрамд нэг зүйлийг асуумаар байна. Ерөнхий­лөгчийг монгол үндэстэндээ хандаж уриалга гаргасны дараа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "улс төрийн бодлогогүй ал­даатай үг хэллээ. Тэр олон хүн ирэхэд манайх яаж хү­лээж авах юм. Хоёр хөршийн харилцаанд ч сайнаар нө­лөөлөхгүй" гэх утгатай мэ­дэгдэл хийсэн байсан. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Монголчууд эх орондоо ирэхэд аливаа нэг улс оронд хохирол учруулалгүй, ямар нэгэн чирэгдэл бололгүйгээр ирчихэж чадна байх аа. Зөвхөн хоёр хөршөөс монгол­чууд ирээд болчих юм биш. Дэлхийн өнцөг буланд суугаа монгол үндэст­нүүд маань наашаагаа тэ­мүүлнэ шүү дээ. Эцэг өвгөдийнхөө нутагт ирж хүч хөдөлмөрөө зориу­лан ажиллахыг тэд эрмэлзэж бай­гаа. Н.Энхбаяр дарга бол монгол төрийг удирдаж явсан хүн. Аливаа зүйлд гоомой хандамгүй юм. Шууд­хан хэлэхэд, монгол хүн, монгол төрийн тэргүүн монголчуудаа эх орондоо ирээч хэмээн уриалахад улс төрийн алдаа гэж юу байхав. Харин түүнийг мушгин гуйвуулах гэж, улс төрийн алдаа мэтээр бусдад ойлгуулах гэж байгаа нь өөрөө түүхэн том алдаа юм аа. 

-Монгол үндэстнээ эх орон­доо ирэхийг уриалсан төрийн тэргүүний үгний тухайд ийм байж. Тантай нэгэнт уулз­саных өнөөгийн улс төрийн амьдрал болоод эдийн зас­гийн тогтворгүй байдлын та­лаар асуух гэсэн юм. Өнөө­дөр Монголын эдийн засаг маш хүнд байдалд орчихлоо. Долларын ханш галзууртлаа өсч, монгол төгрөг үнэгүйдэж эхэлсэн. Үүнд нэртэй эдийн засагчийн хувьд, мөн Мон­голын төрийг хамгийн хүнд хэцүү үед нуруундаа үүрч явсан хүний хувьд тайлбар өгөхгүй юу? 

-Долларын ханш хэрхэн өсч буйг өдөр бүр, цаг минут тутамд харж сууна. Дэлхийн зах зээлд долларын ханш ч, нефтийн үнэ ч тогтвортой л байна. Алт, зэсийн үнэ ч хэвийн байгаа. Гэтэл монгол төгрөгийн ханш унаж цаас болж байгаа нь нэг л зүйлтэй холбоотой. Тэр нь бэлэн мөнгөний хавтгайр­сан түгээлт. Өнгөрөгч сонгуулиар төрийн эрх барьж байсан МАХН иргэн бүрт нэг сая таван зуун мянган төгрөг өгнө гэж амласан. Энэ бол арай хэтэрхий, бодит байдал дээр хэрэгжих ямар ч бо­ломж­гүй амлалт байсан. Уг амлал­таа биелүүлэх гэж Ардын намын­хан улайран зүтгэж байна. Хүн бүрт далан мянган төгрөг ч өгч үзлээ, хорин нэгэн мянгыг ч өгч байна. Одоо бүр одонтой эхчүүдэд мөнгө өгнө ч гэх шиг. Ингэж бэлэн мөнгийг хавтгайруулсан нь монгол төгрөгийг үнэгүйдэхэд хүргэж байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгө та­раана гэдэг эрсдэлтэй байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Өнчин ядуу хүүхдүүд, өвгөд хөшид юм уу хө­дөл­мөрийн чадваргүй хүмүүст мөнгө өгөх нэг хэрэг. Ажилтай төрөлтэй боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нийгмийн олонх нь байдаг. Тэдэнд бэлэн мөнгө тараах нь бүтээлч хөдөлмөрөөр аж төрөх сэтгэхүйг нь унтраагаад хүний гар харах, цааш­лаад улс үндэстэн мөхөл рүүгээ явах үүд хаалга нээгдэхэд хүрнэ. Ийм л хортой зүйл. Энэхүү хор уршгийг бид олон удаа амсаж байна даа. Хуучин хувьсгалт нам одоогийн Ардын нам сонгууль дөхөх бүрт бэлэн мөнгө тараана, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэж хий хоосон амладаг. Түүнийг нь дагаад бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэг­дэж, иргэдийн амьдрал улам до­ройт­дог. Ингээд үнэ хөөрөгдөж, худал амласан мөнгөө төсөвт бүрдүүлэх ажил нь эхэлдэг дээ. Өнгөрөгч сонгуулиар бэлэн мөнгө­ний амлалт үнэхээр хэрээс хэтэр­сэн. Үүний горыг одоо л амсаж байна. Ирэх сонгуулиар бэлэн мөнгөний амлалт дахиад гарах юм бол ард иргэдийн амьдрал өнөөд­рийнхөөс улам дордоно.

-Долларын ханш бүр гурван оронтой тоо руу орох боломж байгаа болов уу?

-Дэлхийн зах зээлд долларыг евротой харьцуулахад сүүлийн үед чангарч байгаа. Хятадын юань гэж айхтар хүчтэй валют гараад ирлээ. Сүүлд гэхэд Лондонд юанийн арил­жааны төв нээгдэж байх жи­шээний. Юань, долларын ханш сүүлийн үед тогтвортой байгаа. Долларт итгэх итгэл дэлхийн зах зээлд буурахгүй байх шиг. Евротой харьцуулахад өсөөд байгаа. Энэ нь доллар байр сууриа хүчтэй хад­галах боломжтой гэдгийг харуулж байгаа.

-Монгол төгрөгийн ханш ямар байх бол оо?

-Үүнийг төр л мэднэ шүү дээ. Өнөөдрийнх шиг бэлэн мөнгө хавтгайруулж тараагаад байх юм бол мэдээж ханш нь унана. Эдийн засгийн ямар ч сургуулийн оюутны сурах бичигт мөнгөний хэмжээ үйлдвэрлэсэн баялгийнхаа хэм­жээтэй тэнцүү байна гээд заачих­сан байдаг биз дээ. Гэтэл манайх чинь үйлдвэрлэлээсээ хэд дахин илүү мөнгөний нийлүүлэлт хийгээд байхаар ханш уналгүй яахав дээ.

-Монголбанк алдаатай бод­лого явуулаад байна  уу?

-2008 оноос хойш Монгол­банк­ны мөнгөний бодлого, Их хурал, Засгийн газрын бодлого гурав зөрж эхэлсэн. Үндсэндээ мөнгөний бод­лого гурван салаа болж эхэлсэн. Засгийн газар нь амлалтаа хэрэг­жүүлэх гэж мөнгө тарааж эхэлсэн. Ямаанд ч хүртэл мөнгө өгч байсан шүү дээ. Их хурал нь бас өөр нэг бодлого барьдаг. Монголбанк бод­логын хүүгээ нэмээд арилжааны банкуудаа улам багалзуурдаад, боомилоод байдаг. Арилжааны банкууд нь зээл олгож чадахгүй Засгийн газрын бонд юм уу, Мон­голбанкийг хараад байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгаа үхүүлж байна гэсэн үг л дээ. Мөн Монголбанкны бодлогод шүүмж­лэлтэй хандах зүйл олон байна. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн то­моохон орны банкууд бодлогын хүүгээ 00 хүртэл бууруулж  байхад манайх нэмэх замаар явсан. Энэ нь буруу юм.

-Банк санхүүгийн тухайд товч­хондоо ийм байж. Улс төрийн гол шуугиан Ард­чилсан нам засгаас гарсан явдал. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гардаг нь зөв. Харин ч оройтож гарлаа. Энэ оны төсөв батлагдахаас өмнө гарсан бол амлалтынхаа хариуцлагыг Ардын нам ард түмнийхээ өмнө өөрөө хүлээх байсан. Тэгтэл энэ оны төсвийг С.Баярцогт сайд өөрөө гардаж хийж өгөөд, Ардчил­сан нам түүнийг нь хамтарч баталж өгөөд эдийн засгаа ч будлиулаад, ард иргэдээ ч сэтгэл санааг нь үймүүлчихлээ. Үүнд би шүүмж­лэлтэй хандаж байгаа. Гэхдээ Ардчилсан намд гарахаас өөр гарц байгаагүй. Харин хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсны дараа улс төрд их сонин үзэгдэл болж байна аа. Ардын нам  Монголын төрийг албан тушаалын наймааны  зоос шиг бодож байгаа нь харамсалтай. Монгол Улсын Ерөнийлөгч, Ардын намын дарга Ерөнхий сайдыг хүлээж аваад хэд хэдэн зүйлийг онцгойлж хэлсэн. Тэргүүн шадар сайдын алба хэрэг­гүй, хамтарсан засгийн үед бий болгосон улс төрийн албан ту­шаал. Мөн Засгийн газрын танхи­мыг Их хурлын гишүүдээс сонгод­гоо болих хэрэгтэй. Их хурлаас гадна байгаа ажлаа сайн мэддэг хүмүүсээр сайд нарыг томилъё гэсэн чиг үүрэг өгсөн. Гэтэл Ардын намын дарга тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг Их хурлын гишүү­дээ сайд болгох гэж зүтгүүлж байдаг. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байгаа юм.

-Тэр нь юу бол?

-Өнөөгийн төр засгийг удирдаж байгаа Ардын намын нөхөд тө­рийн­хөө эсрэг болчихож. Монгол төрдөө хандах хандлага нь буруу, маш муухай болсон байна. Мон­голын төрийг албан тушаал, най­мааны хэрэгсэл болгож байгаа нь даанч яав даа  гэмээр харагдах юм. Ер нь ч тэгээд өөрийн гэх үзэл бодолгүй, албан тушаал, эд хөрөн­гийн төлөө зүтгэж яваа Ардын намынхан, өнөөгийн засгийн удирд­лагууд албан тушаалаасаа эртхэн татгалзаж дараагийн хү­мүүстээ өгвөл яасан юм гэж бодо­ход хүртэл хүргэж байна. Ардын намынхан Их хуралд цөөнх болоод Засгийн газрыг сөрөг талаас нь хараад сууж байвал арай нэг ухаан суух нь дээр юм уу даа.

-Ардын намынхныг бүхэлд нь дүгнэлээ. Ерөнхий сайд Сү.Батболдын талаар тусад нь асууя. Засгийн газрын тэргүүнийг та ажлаа хэрхэн хийж байна хэмээн дүгнэж байгаа вэ?

-Энэ хүн бизнесмэн талаасаа сайн бизнесмэн байж болно. Гэтэл Ерөнхий сайд улс орныхоо ажлыг бүхэлд нь хамарч байдгийн хувьд өөр. Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийн биелэлт ямар байгааг харахад сэтгэл зовох зүйл их байх юм аа. Ядуурал гэхэд яаж нэмэгдэж байна вэ. Гурван жилийн өмнө 32 хувьтай байсан бол өнөөдөр 39, 40 шахам хувь­тай болоод байна. Мөн инфляцийн удаа дараагийн өсөлт байна. Эдийн засгийн хямрал хоёр дахь удаагаа хүчтэй давтагдах өнгө аяс мэдрэгдээд ирлээ. Энэ бүгд Засгийн газрын тэргүүнтэй холбоотой. Сү.Батболдын хувьд өмнөх Ерөн­хий сайд С.Баярын Засгийн газрыг шууд авч ка­бинетийнхэнтэй нь ажилласан. Цаанаас нь захиа даалгавар өгдөг, ерөөс Ерөнхий сайдын ажлыг далд удирдлагын дагуу хийгээд байна уу гэсэн хард­лагыг төрүүлэхээр байдаг. Өнгөр­сөн дөрвөн жилийг С.Баяртай, С.Батболдтой бүхэлд нь базаад хэлэхэд бололцоогоо л их тааруу ашигласан даа гэхээр байна.   

-Ядуурал жилээс жилд нэ­мэг­дээд байхад эдийн засаг өндөр хувиар өссөн гээд бай­даг нь сонин санагддаг шүү?

-Манайхан юмыг хөөсрүүлнэ гэдгийг сайн мэдэх байх. Ухаандаа, тогооны дундуур байгаа сүүг сам­рахаар тогооны амсраас бараг дээш гартал хөөсөрдөг. Тун удалгүй өнөө хөөс нь буучихна. Монголын эдийн засаг өнөөдөр яг л ийм тогоотой сүүний хөөс шиг байна. Бидний бүтээж байгаа  баялаг бол яг үнэндээ манай юм биш ээ. Хя­тадын компаниуд орж ирээд нүүрс ухаад явж байна. Бид ухсан нүхийг нь хараад ажил хийлээ, эдийн засаг өслөө гээд сууж байх уу. Хэцүү л байна даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

"Өдрийн сонин"

Нэр (заавал бичих)





АЛТАНГАДАС сэтгүүлийн дугаарууд